DEFCON
Nicht genug Bewertungen
DEFCON: Бүгд л Үхнэ (Монгол Хэлээр)
Von Zochin
Эндээс та DEFCON: Бүгд л Үхнэ тоглоомын талаар ерөнхий ойлголттой болох юм. Бичигдсэн заавар зөвлөгөө нь цэвэр миний өөрийн олж авсан туршлага дээр тулгуурлагдсан бөгөөд шинэ тоглогчдыг тус тоглоомд татан оролцуулах, тэдний ур чадварыг сайжруулахад тус зааврын зорилго оршиж байгаа билээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл хэсэг дээр бичиж үлдээнэ үү.
   
Preis verleihen
Favorisieren
Favorisiert
Entfernen
Ерөнхий Мэдээлэл
АНУ-ын өөрийгөө хамгаалах бэлэн байдлын төлвийг илтгэх DEFCON системээр нэрлэгдсэн тус тоглоом анх 2006 онд Британийн тоглоом хөгжүүлэгч Интровершин Софтвэйр компаниас зах зээлд нийлүүлэгдсэн байна. Стратегийн бөгөөд олон тоглогчийн горимтой тус бүтээл их энгийн зураглалтай. Ажиллуулахад компьютерийн хүчин чадал бага (Windows 98 – 7, 128mb ram, 60 mb space) шаардах ч тоглогчоос багагүй ур чадвар шаардана. За ингээд олон үггүй гол зүйлрүүгээ ороё.
Худалдаж Авах
Бидний мэдэх Steam Store дээр тус бүтээл 0,99 доллараар худалдаалагдаж байна. Зул сар гээд хямдарсан бололтой юм. Бас саунтректэй багц нь ч байсан. Тэр нь 1,29 доллар. Их боломжийн үнэтэй гэсэн үг.
Тоглоомыг Эхлүүлэх
New Game эсвэл Tutorial? Мэдээж хамгийн түрүүнд зааврыг нь туршаад үзэх хэрэгтэй. Тоглоход ашиглах товчлуурууд болон тоглоомны анх харагдах интерфэйстэй зөвхөн эндээс л танилцана. Зарим хүмүүс их яаруу учраас анхны сэтгэгдлээр “зааз, тэнэг тоглоом байна” гэж хэлэгдэх магадлал өндөртэй. Тийм сэтгэгдэл шинэ хүмүүст битгий төрөөсэй гэсэн нэг зорилго нь тус зааврынх юм.
Харагдах Байдал
Холливүүдийн кинон дээр гардаг шиг тив хоорондын цөмийн дайны талаарх үйл явцыг Пентагоны аварга том дэлгэц дээрээс ажиглах цэргийн генерал та өөрийн тив/улсын армид зөв зааварчилгаа өгч, дайныг удирдах үүрэгтэй. Үгүй бол хэдэн сая ард иргэд тань галд шатах болно.

ЗХУ, Европ тив, Ази тив, Африк тив, Хойд Америк, Өмнөд Америк тив/улсаас та сонголтоо хийнэ. Сонголтыг тоглоом эхлэхээс өмнө газрын зураг дээр дарж хийнэ. Гэхдээ онлайнаар тоглох тохиолдолд серверүүд үүнийг санал болгодоггүй. Улс/тив бүрт адил тооны радар, сайло (алсын тусгалт пуужин хөөргөх цэг болон пуужингаас хамгаалах систем), агаарын бааз, байлдааны хөлөг онгоц, онгоц тээвэрлэгч, шумбагч онгоц байна. Цэс дэлгэцийн зүүн талд байрлах бөгөөд сонголтоо хийгээд өөрийн харьяа эзэмшил нутаг дэвсгэрт тэдгээрийг байрлуулна. Харьяа нутаг дэвсгэрийн хязгаарыг харах бол дэлгэцийн баруун доод буланд байх Territory товчийг дараарай.

За мөн адил тооны ард иргэдтэй байна. Ихэвчлэн 100 сая, заримдаа 200 сая. Харах бол дэлгэцийн баруун доод хэсгээс People товчийг дарна. Соло горимоор тоглох бол тохиргоог өөрөө хийж болдог, эсвэл онлайн бол Dedicated server тохиргоогоор автоматаар тохируулагдана. Монгол улс, Австрали тив гэх мэт хэдэн газар нутаг энэ дайнд өртөхгүй нь сайхан ч юм шиг, хэхэ, гэхдээ л Улаанбаатар гээд хөөрхөн жижигхэн хотыг оруулчихсан байсан бол ч... Гурван ч хүнээс Улаанбаатараас холбогдож байна гэхэд юу юм гэж асууж байж билээ, бодвол жаахан хүүхдүүд байсан байж болох.

Харилцаа холбоо. 2-ын эсрэг 2 ч бай, дипломат горим ч бай тоглоом бүрийн хамгийн чухал нэг зүйл бол тоглогчид өөр хоорондоо харилцах хэрэгсэл. DEFCON-ийн хувьд зөвхөн текстээр харилцдаг. Чат бокс дэлгэцийн зүүн доод буланд байрлана. Олон нийттэй, багийнхантайгаа, эсвэл зөвхөн нэг найзтайгаа текстээр харилцах боломжтой.
DEFCON
Тоглоом эхлэхэд дэлгэцийн доор нэгэн тоо доош тоологдож эхэлнэ. Энэ бол DEFCON бөгөөд үндсэн 5 хэсгээс бүрдэнэ. Аюулын түвшин 5-р зэрэгт байхад та өөрт байх бүхий л зэвсгээ бэлэн байдалд оруулах буюу зөвхөн байршуулна. 5 минутын дараа 4-р зэрэг дээр очиход дайсны зарим обьектийг радарын тусламжтайгаар харах боломжтой болно. Ийнхүү харж ерөнхий байршлыг нь мэдсэний дараа өөрт үлдсэн бусад хамгаалалтаа байрлуулбал зохилтой. Ийнхүү DEFCON 3 ирэхэд улс/тивүүд өөр хоорондоо байлдах боломжтой болно. Гэхдээ цөмийн зэвсэг хараахан зөвшөөрөгдөхгүй. Дайн нэгэнт эхэлснээс хойш DEFCON 2 болоход үйл явдал улам хурцдаж, ширүүссээр DEFCON 1 дээр дэлхий тэр аяараа халуун цөмийн зэвсэг хэрэглэхдээ тулна.
Юнитс Буюу Нэгж Хэрэгслүүд
Эхлээд радар. Радар мэдээж тодорхой бүсийг харах боломжийг танд олгоно. Дайсны нутаг дэвсгэр дээрх обьект болон байлдааны хөлөг онгоц, бөмбөгдөгч гээд бүгдийг нь харж чадна. Гэхдээ далайн гүнд буй шумбагч онгоцыг харж чадахгүй. Хэрэв шумбагч Active Sonar буюу дохиогоор байршил тогтоох горимыг идэвхжүүлсэн байгаа бол дайсанд анзаарагдана. Радарыг дайсны нутагт тулгаж тавьбал зүгээр. Жишээ нь Европын нутаг дэвсгэр харьцангуй жижиг учир дэргэдэх дайсан нь /ЗХУ, Африк/ талыг нь хүртэл бүрэн харах боломжтой байдаг.
Агаарын бааз. Агаарын бааз тус бүрт 5 сөнөөгч онгоц, 5 бөмбөгдөгч онгоц, 5 нөөц цөмийн пуужин байрлана. Бөмбөгдөгч онгоц пуужингаа дуусгасан бол эргэж бааз дээр очиж түүнийгээ нөхөх боломжтой болох юм.

Сайло. Сайло 2 горимтой байна. 1. Агаарын довтолгооноос хамгаалах систем. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн холын болон дундын тусгалт пуужин өөрт тань нисгэсэн бол түүнийг агаарт нь устгах боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ нь хэр effective болохыг та тоглож байж л ойлгоно. 2. Тив хоорондын цөмийн пуужинг хадгалах сав юм. Тус бүрдээ 12 пуужинг хадгалах бөгөөд тоглоомын хувь заяаг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй зүйл. Хэрхэн байрлуулах вэ? Шинэ хүмүүс тал бүрээс ирэх агаарын довтолгооноос сэргийлэх гээд олон талд сайлонуудаа байрлуулчихдаг. Гэтэл ингэж тараах нь их эрсдэлтэй юм. Ганц сайло агаарын довтолгооноос хамгаалахдаа үйлчлэл багатай. Дайсны сөнөөгч онгоц түүнийг чинь амархан илрүүлж болно. Дээр би хэлсэн, сайлос агаарын хамгаалалт горим хэр effective болохыг та тоглож байж л ойлгоно. Бас дайсны радарт харагдах магадлал өндөртэй. Ер нь олон газар тарааж тавих нь сайлог устгахад ч, илрүүлэхэд ч дайсанд амархан байх болно. Тиймээс нэг газар бөөнд нь байрлуул. Дахин хэлэе, тив/улсынхаа гол хэсгийг хамгаалах зорилгоор бурхны нэрийг бодоод 6-ууланг нь бөөнд нь байрлуул. Мэдээж хэрэг, дайсны нутаг дэвсгэрээс зайтай байрлуулна шүү. Зарим нэг нь асууж магадгүй, жишээ нь Ази тивийн Энэтхэг хэсэгт бөөн сайло байрлуулчихаад Хонконг, Токиог яаж хамгаалах юм бэ? Тэнд олон иргэд байгаа шүү дээ гэж. Тиймээ, тийм Everybody Dies! Цөмийн дайнаар аль аль улс/тивд нь хохирол учрах нь тодорхой хэрэг. Гэхдээ хэн нь хэнийхээ олон хотыг 1 ч хүнгүй болтол нь бөмбөгдөж, онооны хувьд эсвэл амьд хүмүүсийнхээ тоогоор тэргүүлэх вэ гэдэг нь гол юм. Дүгнэхэд, сайло ялалтыг танд авчирч чадна, хэрвээ зөв хамгаалж, зөв хэрэглэж чадвал шүү дээ. Бас эргэн тойронд нь Радар байрлуулах хэрэгтэй. Хэрэв радаргүй бол агаар дахь пуужинг хэрхэн аль болох холоос устгах билээ?

Хөлөг онгоц. Эхнийх нь байлдааны хөлөг онгоц. Дайсны сөнөөгч онгоцыг устгах, далайн байлдаанд илүү үр дүнтэй. Харин шумбагч болон бөмбөгдөгч онгоцны эсрэг үр дүн багатай. Бас онгоц тээвэрлэгчийг тань гадны халдлагаас хамгаалах гол зүйл юм. Хоёр дахь нь онгоц тээвэрлэгч. Онгоц тээвэрлэгч бүрт 5 сөнөөгч, 2 бөмбөгдөгч, 4 нөөц цөмийн пуужин байна. Бас л гол зүйл гэсэн үг. Холын ч бай ойрын ч бай зөвхөн цөмийн пуужингаар л дайсны хотыг бөмбөгдөж, бас усан флот, бусад радар, бааз, сайлог сөнөөж болно. Тэрнээс явган цэрэг, танкаар биш шүү :) Онгоц тээвэрлэгчид Anti Submarine горим гэж бий. Энэ нь таны усан флот доор нууцаар байрлах дайсны шумбагчийг илрүүлж устгахад тустай эд. Горимыг идэвхжүүлсэн бол та тэрхүү тээвэрлэгчид буй сөнөөгч болон бөмбөгдөгчийг хөөргөх боломжгүй болно гэсэн үг. Горим цуцлах бол 2 минут хүлээх шаардлагатай. Энэ хооронд таны тээвэрлэгч дайсанд устгагдах магадлал ихэснэ. Хаанаас ч юм гэнэт бөмбөгдөгч, сөнөөгч онгоцууд эсвэл байлдааны хөлөг гараад ирвэл биеэ хамгаалах чадваргүй тэр зүйл яах билээ.

Шумбагч онгоц. Үүнд тус бүр 5 тооны цөмийн дундын тусгалт пуужин байршина. Харьцангуй хол зайнаас ч атугай дайсны хот болон обьектыг сөнөөж болно гэсэн үг. Active Sonar горим бол дайсны шумбагчийг илрүүлэх, харилцан гал нээх бололцоог олгодог. Бас байлдааны хөлөг онгоц, тээвэрлэгчийг доороос нь сөнөөдөг. Харин тээвэрлэгч дээр дурдсан Anti Submarine горимтой бол аврал байхгүй шүү. Шумбагч дундын тусгалт пуужин хөөргөхдөө далайн гүнээс заавал ил гарч ирдэг. Хэрэв яг дэргэд нь дайсны хөлөг, бөмбөгдөгч байвал бас л авралгүй. Буцаад далайн гүнрүү ороод нуугдаж болох ч үүнд 4 минут шаардлагатай! Тиймээс эргэн тойрноо цэвэрхэн гэдэгт итгэлтэй үедээ ашиглаарай.

Сөнөөгч онгоц. Туулах чадвар сайтай, гэхдээ богино зайд. Харьцангуй хурдан хөдөлгөөнтэй учир сайлос агаарын хамгаалалтын горимын эсрэг дажгүй тэсчихнэ. Тиймдээ ч дайсны нутгийг scout хийхэд хамгийн тохиромжтой эд. Бас бөмбөгдөгч онгоц болон биеэ хамгаалах чадваргүй онгоц тээвэрлэгчийн эсрэг үр дүнтэй. Гэхдээ богино зайд. Учир нь бөмбөгдөгч болон сөнөөгчид Fuel Range гэж зүйл бий. Бензин буюу туулж чадах зайг нь илтгэх цэнхэр цагирагийг та маузаа онгоцонд шүргүүлснээр харах боломжтой. Байлдааны хөлөг онгоц бол түүний эрлэг. Тиймээс түүнээс холхон байлгаарай.

Бөмбөгдөгч онгоц. Зааж өгсөн байг устгана. Сайло болон шумбагчдыг бодоход ойрын зайнаас устгах юм. Бөмбөгдөгчид мөн Naval Mode гэж бий. Энэ нь дайсны усан флотыг хөөрхөн холхон зайнаас үр дүнтэй устгах боломжийг олгоно. Гэхдээ сөнөөгч онгоц өөдөөс нь нэгэнт ниссэн бол их эмзэг учир амархан устгагдана. Бас бөмбөгдөгчтэй холбоотой Naval Nuking гэж ойлголт бий. Албан ёсны горим биш бөгөөд далайд байх дайсны усан флот дээр агаараас цөмийн пуужин хаяна гэсэн үг. Noob түвшний хүмүүс хөлөг онгоцнуудаа 6, 6-аар нь байрлуулчихдаг. Энэ нь их тэнэг харагддаг бөгөөд Naval Nuke дунд нь хаясан л бол тэд олноороо, ядаж л 2-3 онгоц зэрэг өртдөг юм, бас үр дүн маш муутай! Тиймээс хөлөг онгоцуудаа аль болох нэг нэгээр нь салгаж тавих нь зүйтэй.
Зарим Асуулт, Хариултууд
Пуужинг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? Аль болох олноор нь, бөөнөөр нь, зэрэг, цагаа олж нисгэ. Хэрэв та дайсны сайлог скаут хийсэн бол багадаа 6 шумбагчаар эсвэл 6 сайлогоор тэднийг нь устга. Ингэхдээ зүгээр нэг цацах биш яг нэгэн зэрэг пуужингуудыг хөөргөх нь үр дүнтэй. Ганц нэгээр нь хөөргөсөн бол мэдээж үр дүн муутай, дайсан сайлонуудаа бөөнд нь байрлуулсан бол тэднийг устгахад маш төвөгтэй байх болно. Энэ тохиолдолд таны пуужин агаар дээрээ устгагдаад л байна. Тиймээс яг гоё зэрэг хөөргөж сурах хэрэгтэй шүү. Дайсан сайлогүй болсон бол танд бүх нутаг дэвсгэр нь нээлттэй боллоо гэсэн үг, ямар ч хамгаалалтгүй. Харин одоо үлдсэн бүхий л пуужингаараа хотуудыг нь чөлөөтэй бөмбөгдөөрэй.

Тэд миний усан флотын байрлалыг яаж ийм хурдан мэдээд байна? Дайсны радарт орсон байхыг үгүйсгэхгүй. Эсвэл тэд таны ерөнхий байрлалыг мэдэх зорилгоор ганц нэг хөлөг онгоцыг дангаар нь тантай аль болох ойр байрлуулдаг. Хөлөг онгоц бага ч атугай өөрийн эргэн тойрондохоо харж чадах учир бяцхан радар болдог гэсэн үг. Эсвэл ийм зорилгоор хэдэн сөнөөгч онгоц ч нисгэдэг. Тэднийг нь та устгаснаар дайсан таны байрлалыг мэдэж авч болно.

Дайсны усан флот надад харагдахгүй байхад тэднийх надруу галласаар байх юм? Яагаад? Юнит бүр тодорхой хэмжээний бяцхан радар болж чадна, шумбагчаас бусад нь. Жишээ нь дайсан танруу 10 сөнөөгч онгоц илгээвэл тэдгээрийг нь устгах гэж мэдээж танд хэсэг хугацаа орно. Энэ үед дайсанд таны флот харагдлаа. Араас нь ийнхүү бөмбөгдөгч хөөргөхөд тэрхүү сөнөөгч онгоцнуудын радарт харагдаж буй таны усан флотыг устгах бололцоо дайсанд бүрдэж байнаа гэсэн үг юм.

Миний хөлөг онгоцууд, шумбагч зүгээр байж байгаад алга болоод устаад байна? Хэргийн эзэн нь дайсны шумбагч онгоц, тэр дундаа Active Sonar горимтой шумбагч нь. Учир нь та тэднээс сэргийлэх тээвэрлэгч онгоцныхоо Anti Submarine горим болон шумбагчийнхаа Active Sonar-ийг идэвжүүлээгүй байсан байна шүү дээ.

Тэд миний сайлог илрүүлээгүй, скаут хийгээгүй гэдэгт би итгэлтэй байна, гэтэл яаж мэдээд устгачихав? Жишээлбэл дайсны ямар нэг пуужин болон сөнөөгч онгоц таны агаарын хамгаалалт идэвхжүүлсэн сайлогийн ойролцоо нисэхэд тэднийг устгах гэсэн хариу гал нь тодорхой хэмжээгээр харагддаг. Үүнийг ажигласан зарим мэргэжлийн тоглогчид сайло байршлыг нь тааж, устгахыг хичээдэг бөгөөд Blind nuking гэж нэрлэдэг. Зөвхөн мэргэжлийн тоглогчид л үүнийг үр дүнтэй хийж чаддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Match болон Diplomacy тоглоомын ялгаа? Match тоглогчдын жинхэнэ ур чадварыг шаарддаг бол Diplomacy хэрхэн бусдыг өөртөө итгэн үнэмшүүлэх чадвар шаардана. Өөрөөр хэлбэл, Дипломат горимд шинэковууд ч азаар ялагч болж болдог. Тиймээс мэргэжлийн тоглогчид Дипломат тоглоом тоглох дургүй байдаг. Зөвхөн 1v1, 2v2, 3v3 тоглодог. Бусад тоглолтын горимуудыг та Tutorial хэсгээс тодорхой хэмжээнд мэдсэн байх учиртай учраас ингээд орхилоо.

Ямар серверт тоглох тохиромжтой вэ? DEFCON-ийн Dedicated servers харьцангуй бага. Энэ нь жил ирэх тусам хуучирч, мэдэхгүй хүмүүс олон болж байгаатай холбоотой. Гэхдээ сервер нь өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд бий. Хамгийн алдартай нь Group 6, AKE, Vsj, Elite and Murican нар юм. Өнгөрсөн жил SFCON гээд гоё сервер харамсалтай нь хаагдсан байгаа.
Төгсгөл
Тоглоомын талаарх бусад содон сонирхолтой бичлэг, зааврыг forums.introversion.co.uk форумаас олж аваарай. Тэнд өнөөгийн идэвхтэй тоглогчид бүгд бий. Мэргэжлийн болон шинэковууд гээд л. За бас өөр асууж тодруулах зүйл байвал сэтгэгдэл бичих болон Стийм дээр Zochin аккаунтыг add хийгээрэй, би хэзээд DEFCON-ийг тоглосоор л байх болно. Лав ойрын хэдэн жилдээ.
2 Kommentare
一番 6. Feb. 2019 um 13:00 
прикольный язык. такая вроде и кириллица, а вроде и нет..:lunar2019piginablanket:
VectorZ 26. Dez. 2014 um 20:31 
Баярлалаа